19 Aug 2008

Агсрал



Дуртай нь олж төрдөггүй юм миний Монголыг
Дуулсан нь биширдэг юм миний Монголыг
Гуйсанд нь олддоггүй юм Монгол заяа
Гуагалсанд нь заяадаггүй юм Монгол омог

Морьтой хийморийг онож төрсөндөө би аарханам
Монгол омгыг биширч өссөндөө би агсарнам!

Хуурынх нь эгшгэнд хорвоо багтдаг юм миний Монголын
Хөвчин ойд нь буга урамддаг юм миний Монголын
Хөх тэнгэрт нь бүргэд хальдаг юм миний Монголын
Хүүгийнх нь сэтгэлд дэлхий багаддаг юм миний Монголын

Уртын дууны шуранхайд бүүвэйлүүлж өссөндөө би эгшиглэнт
Уудам талдаа тоглож өссөндөө би тэнгэрлэг!

Элгэн үрээ харьд мордоход уйлдаг юм Монголын тэнгэр
Эргэх учралаа андгайлж морддог юм Монгол хүү
Энэ л Монголыг олж ирсэн заяандаа би баярлана
Энэ л Монголдоо үхэх тавиландаа би бахархана

Эцэг өвгөдийн минь өвлүүлж үлдээсэн их хувь заяа
Энэхэн замбуулинг гайхан чичрүүлсэн миний Монголоо! 2002.07.28 Сөүл.

No comments: